Ардчиллын 20 жилийн ойд: 3 сарын өмнө
Удиртгал.
Протестантизмыг үүсэн бий болоход Европын улс орнууд хоёр хуваагдсан байдаг. Протестант улс орнууд, Католик улсууд. Үүнээс л шалтгаалж олон олон дайн дажин бий болсон байдаг. Хамгийн сүүлчийн шашны дайн, шашны дайн ч гэж дээ шашнаар халхалагдсан газар нутгийн төлөөх, нөлөөлөө тогтоох дайн болох 30 жилиййн дайны төгсгөлд буюу 1648 онд Швейцар улс үүсэн бий болсон билээ. Швейцар нь тухайн үедээ Helvetia хэмээх нэртэй түүхэн муж байж, Франц, Австри Бавари, Венеци болон бусад Италийн хот улсуудын дунд зааглан байсан аж.
Тиймээс л тэр улс өөрөө аливаа маргаанд 100% төвийг сахих гайхамшигтай санааг гаргаснаар дайсагнагч улс орнуудын дунд “зөөлөвч” болсон хэрэг. Түүхийн мэдлэгээ гайхуулах ч яахав хамгийн гол хэлэх гэсэн санааны эхлэл болгож хэлэхэд католикоороо үлдсэн улс орнуудын түүх хамгийн эмгэнэлтэйгээр буюу хамгийн их доргионтой, гал усны уулзаан шиг л түүх нь өрнөсөн байдаг юм. Бүр улс үндэстэн хүртэл алга болж байв. Үүний нэг жишээ болгож Франц болон Английн түүхийг харьцуулан хальтхан иш татъя.
Франц хэмжээгүй эрхэт хаант засагтай учир ард түмэн, язгууртны давхаргын дунд хэтэрхий том ялгаа бий болсон. Ухаалаг бизнесменүүд наймаачид олон байсан ч заавал засгийн, шийдвэр гаргагчийн зөвшөөрлөөр буюу шударга бус өглөг (авилга) өгдөг. Сүүлдээ хэрээс хэтэрсэн хэмжээг нэхдэг болсноор өөрчлөх хэрэгтэй гэж ойлгосон дунд болон хөрөнгөтэй давхаргатай болсон байна.
Англи 1215 оны Магна Карта (хэмжээгүй эрхэт хаант засгийг халсан) 1648 оны иргэний дайнаар Парламентийн эрх мэдлийг хүчирхэгжүүлсэнээрээ ядаж л дунд давхарга өсөх хөгжих боломжтой болсон. Чөлөөт иргэд Парламентад өрсөлдөх, сонгох эрхтэй болсон.
Франц үхширсний үр дүнд бичигч миний бие хамгийн их сэтгэл хөдлөн уншдаг Францын хувьсгал гарсан байдаг. Үүний үр дүнд Бүгд Найрамдах Улс бий болсон. Цаашдын түүхийг надаар хэлүүлэлтгүй мэдэх буй заа. Гэнэт тэсэрсэн ард түмэн хамгийн амбицтай тэлэлтийг хийдэг нь зүй тогтол юм. Наполеон, Чингис Хаан гэх мэт.
Үхширсэн үзлээсээ салахгүй бол хэрхэн салах аргыг ухавар мөчид ч ардууд хийчихдэг жишээг энэ хувьсгал хэлээд өгч байна. Харин тэрхүү өөрчлөлтийг хүлээн авч чаддаг ард түмэн өнөөг хүртэл хөгжин цэцэглэн амьдарч байна. Үүнд англо-саксуудыг багтааж болох юм. Герман, Их Британи, АНУ гэх мэт. Мөн Оттоманы Эзэнт Гүрэн мөхлийн ирмэгт ирэх үед түүнийг лалын уламжлалт өөрийг нь хойш татсан намаг балчиг мэт болсон үзэл санаа, сэтгэхүйгээс нь салгасан Ататюркийг хэлэх хэрэгтэй. Түүний л хүчинд Түрк их гүрнүүдийн тоглоом болж тал талаасаа хэмлүүлэх аюулаас аврагдан, өнөөдөр Ази, Европын томоохон тоглогч болж чадсан байна.
Сталинг олон хүмүүс муулдаг. Гэхдээ өнөөг хүртэл түүний жинхэнэ гавъяаг цухас ч атугай дурдсан нийтлэл Монгол хэлнээ харсангүй. Магадгүй би бага уншдаг байж бас болох юм. Тийм бол хүлцэл өчье. Зөв буруу, сайн муу үйл гэсэн шүүмжээ түр атугай орхиод дараах зүй тоглоыг харахыг хүсве. Сталин бол хувьсгалын дараах хэт нийгмээсээ тасарсан сэхээтнүүд, чинээлэг давхарга, эсвэл ийм сайхан нийгэм, эдэлж хэрэглэж буй зүйлээрээ өнөөдрөө хэмжсэн үзэл бодолтонгуудыг хамж аван хөнөөгөөд үлдсэнг нь гулагт цөлж “хүмүүжүүлээд” харин хариуд нь нийт ард түмнийг, хар “массыг” хүнийх нь хөгжлийнх хувьд нэг түвшин ахиулсан юм. Нэг ёсондоо тэрээр хэт ардч энгийн буюу бүдүүн хадуун нэгэн байж. Энэ хөгжлийн үр дүнд Орос эр хутга сэрээгээр хоолоо идэж, дэлхийн сонгодог зохиолуудыг таашаан уншдаг бичиг үсэгтэй болсноос гадна хамгийн чухал нь хамжлагын сэтгэлгээнээс гарч чадаагүй байсаар ирсэн үеэ таягдан хаясан юм.
Бидний тухай
Энэ түүх газар зүйн чиглэлээрээ Монгол руугаа дөхөж байгааг та бүхэн анзаарсан байх. Бид маш их азтай ард түмэн, азаар “зөв” яваад байгаа эрчиндээ ч бас их найддаг нь олон олон хүний ярианаас харагддаг. “Азтай” гэдэг нь бид Оросын тусламжтайгаар хүчээр ч гэсэндээ цоо шинэ, бидэнд танил бус соёлыг шууд л “тариураар” хүлээн авсан. Сталины үйл хэргийн тусгал шууд утгаараа манайд бас “канон”-догдсон. энэ үзэгдлийг нийгэм тэр чигээрээ “форматлагдсан” гэж томъёолж болох юм. Хариуд нь бид уламжлалаасаа хэт тасарсан, үндэсгүй ургамал шиг л энд тэндхийн “их багшид”, үзмэрч төлөгчдөд тархиа угаалгах болсон нь нууц биш – бидний эмгэнэл.
1990 оны ардчиллын хувьд
Ардчилал бол манайд санамсаргүйгээр биш зайлшгүйгээр ирсэн гэж би хувьдаа боддог. Тиймдээ ч учраа мэдэхгүй 13-тай бацаан миний бие “...ааваа хоёулаа яагаад тэнд очиж өлсөж болохгүй гэж...” асууж байхав дээ. Ардчиллын салхи баруун хойноос Монголын зүгт салхилахад Зүүн Европын орнуудад иргэд нь талханд оочерлодог байсан гэж үү? “Шаг” авч уудаг байсан уу? Өмсөх хувцас нь үйлдвэрийн конвейэрээр нэг өнгө дизайнаар нь үйлдвэрлээд 3-4-р хорооллын Аж Үйлдвэрийн Барааны дэлгүүрт зарагддаг байсан болов уу? Жинсэн өмд өмсөх хориотой байсан гэж үү?
Магадгүй ардчиллын алтан хараацай нар үг хэлэх эрхийн төлөө тэмцсэн байж болох, харин нийт ард түмэн энэ хэв загвараараа амьдрах сонирхолгүй болсон, энэ бүгдээс хамгийн гол нь болох “эдийн засгийн эрх чөлөө” буюу мөнгөтэй бол бүхнийг худалдаж авч болдог нийгмийг өөрсдөө бий болгон хүлээн авсан юм. Ардчиллын 20 жилийн түүхийг миний бие “эдийн засгийн эрх чөлөөний төлөөх тэмцэл” гэж үздэг. Биднээс олон жилийн туршлагатай уурхайчин улстай хэлэлцээрийг 6 жилийн туршид чамбай хийж чадсанаар нь энэхүү эрх чөлөөний үр дүнг дүгнэж болох юм. Тийм ч учраас манай ард түмэн буюу “хар масс” маань аль 1965 оны үед хичээлийн танхимаа цоожлон тооны сонгоны ангийн шавь нартаа (аавын маань сурч байсан) англи хэл, шатарын хичээл заадаг байсан иргэн Лхамжавыг төр барилцах түшээгээр яагаад сонгоогүйд нь би одоо бол гайхдаггүй.Массын хүсэл дорой байгаа нь, хямд байгаа нь түүнээсээ дээгүүр амьдарч байгаа “өрөмний өтнүүдэд” төдий чинээ сайн гэсэн ухвар томъёоллыг дагаж мөрдөх нь тун аюултай үр дагавар авчирдагийг би удиртгалдаа дурдсан тул давтахгүй орхие.
Аливаа зүйл хэт “шударга” бус эсвэл нийгмийн хуваарилалт тэгш бус байх аваас аливаа хүчирхийллийг бий болгодог жишээг дэлхий даяар нүүрлээд байгаа терроризмын аюул, одоо болтол мартагдаагүй байгаа 7-р сарын 1-ний хэрэг явдлаар харж болох юм. Тиймээс “эдийн засгийн эрх чөлөө”-г авчирсан ардчилал маань 20 жилийн мөчлөгтөө буюу дараагийн үеийнхэнтэйгээ “оюун санааны эрх чөлөө” авчирах нь нийгмийн спирал хөгжлийн буухиа юм биш үү хэмээн асууя?



Гишүүд
Мэдээ
Галерей
Дуу
Видео









