Материаллаг монголын яруу найраг 8 сарын өмнө
1910-аад оноос модернизмын урсгал үүсэн хөгжижи ирсэн байна. Модернизм нь хэв загвар, сэтгэлгээ, илэрхийлэл гээд л материаллаг байдлаас эхлэн онгодын төлөв хүртэл бүх зүйлдээ шинийг эрэлхийлсэн урсгал байсан юм. Энэ нь зөвхөн уран зохиолд хамаарагдахгүй бөгөөд ер нь дэлхий ертөнц өөрөө 1900-аад он гарснаар ихээхэн донсолгоонтой, сэгсэргээнтэй болсон гэж хэлж болох юм. Үзэл бодол хүртэл өөр болж, хуучнаараа явахыг хүсэхгүй шинэ үеийн давалгаа нийгмийг улам бүр ар араасаа нөмрөн бүчин авч байлаа. Езра Понд, Виржиниа Вүүлф гээд л пионер яруу найрагчид, зохиолчдыг дурдаж болох юм. Чухам тэд л Жэймс Жойс зэрэг суутнуудын үр хөврөл байсан.
Яг энэ үед хувьсгалын гал дүрэлзэн асаж байсан Орос орон Зөвлөлт болон хувирч ард олныг ходоодоор нь биш юм аа гэхэд ухамсар, сэтгэлгээний өлсгөлөнд оруулахгүйн тулд хувьсгалт засаг олон олон зохиолчдыг хөлслөн ажиллуулж хувьсгалын үйл хэрэг, шинэ нийгэм байгууллын шинэ иргэн, шилдэг хүний дүр зургийг хүмүүсийн тархинд сийлж, ятгаж, ухуулж, автуулж байсан билээ. АНУ-ын хямралын үед зохиолчдод тэтгэмж өгөн, сониндоо нийтлэлийг нь худалдаж авч байсан болон ЗХУ-д зохиолчдыг цалинжуулан өөрийнхөө төлөө, өөрийн үйл хэргийн магтууг бичүүлж байсан хоёр бол утга ижил зүйл юм. Коммунизм, социализмын үйл хэргийг магтан дуулахад хэсэг бүлэг алаг цоог, үзэл бодлын хувьд жигдрээгүй зохиолчид хангалтгүй байсан учир Зөвлөлт Засаг өөрийн “дууч шувуухай” буюу зохиолчдын хороог бий болгожээ. Мэдээж хэрэг зохилчдын хороо нь төрөөс татаас аван нийгэм байгууллаа магтан дуулахаас гадна шүүмжилсэн, дутагдлыг нь илчилсэн аливаа нийтлэл, зохиол бүтээлийг хянах давхар зорилготой байсан нь дамжиггүй. Тиймдээ ч тэдний бүтээл, зохиол нийтлэл нь (шүүгдэж, хянагдсан гэдэг утгаараа) хэвлэл мэдээллийн хэрэгслийн албан ёсны эс сурвалж, хэвлэх үйлдвэрийн хэвлэх ном болж байсан байж таарах нь.
Харин энэ бүхэн Монголд хэрхэн орж ирсэн бол? Шинэ нийгэм байгуулал өөрийн бүх тал бүрийн эд эсээ дагуулан Монголд орж ирсэн нь байна. Дэлхийн түвшинд лобби хийхийн тулд Монголд Пионер, баатарчууд, Бошгыг халах залуучуудын эвлэл, Үйлдвэрчний эвлэл (ажилчин анги байхгүй байсан атлаа), Зохиолчдын эвлэл, Улаан Загалмайн нийгэмлэг зэрэг заримынх нь зорилго, үйл ажиллагааных нь үнэн мөн чанарыг ч ойлгоогүй хэрэгжүүлж байсан олон олон ТББ-нүүд үүсэн бий болж автоматаар элсүүлж, автоматаар татвар авч, автоматаар уншихыг тулгаж, автоматаар туслуулж байв. Эдгээр байгууллагуудын нийгэмд үзүүлсэн сайн нөлөө, бүтээн байгуулалтыг огтхон ч үгүйсгэхгүй бөгөөд энэ бичлэг нь зөвхөн эдгээр бидний нийгмийн амьдрлаын нэг хэсэг юм шиг энэ байгууллагууд, тогтолцоо хэрхэн ямар учир шалтгаанааар ирсэн талаар л өөрийн бодлоо бичих гэсэн хэрэг.
Ардын уран зохиолч гэдэг аваргын цолтой, СТА хэмээн начны найраатай нийгэм нь Чойномоо хөнөөсөн ч Сүрэнжаваа шагнасаар социализмын магтуу дуун түрлэгтэй 90-ээд онд ирсэн билээ. Зарим нэгэнд нь харамсалтай нь үлдсэн олонд нь зол болж социализм болон түүний үзэл суртал үгүй болов.
Гэтэл түүний үлдээсэн амь зуух арга хэрэгслүүд арга буюу зах зээлийн өрсөлдөөнд тэнцэхгүй боловч хуучин нийгмээс өгсөн өмчийнхөө түрээсэн дээр дэгэнцэн догонцон амь зууж байна. Зүй нь хөдөлмөрчдийн эрх ашиг хөндөгдөж амрах өдөргүй ажиллаж байсан учир түүнийг ядаж ням гарагт амрах эрхтэй болгохын төлөө, эмэгтэйчүүд ижил цалин авах эрхийн төлөө тэмцэхийн тулд өөрийн тэмцэгчдийн дундаасаа хамгийн цогтойг нь сонгон өөрийгөө төлөөлүүлэн томилдог байсан бол өдгөө энэ нь эрх ямба, албан тушаал болжээ. Түүнтэй нэгэн адилаар Монголын уран зохиолд өөрийн гэсэн сорилын үе ирлээ. Болор цом гэж социалист уралдаан хэзээ ч материаллаг байгаагүй мэдрэмжийн илэрхийллийг материаллаг уралдаан болгож байсан бол тэрээр өдгөө Ийгл ТВ-ээр реалити шоу болон хувирч баруун гарандаа нацист бандатай шүүгчтэй, богинохон хугацаанд бичих даалгавартай, бусдад өөрийгөө яруу найрагч гэж харуулахыг хүсэгчдийн уралдаанаар буухиа залгаж байна.
Нийгэм урагшилж шинэ үе буухиа залгадаг бол Монголын уран зохиол аман зохиолын хэлбэрээсээ ч салж чадахгүй, хошин урлагийнханы холбоо хэдэн үгсээс ч дор олны таашаал хүртэж байх юм. Даанч харамсмаар, гутармаар, зүхмээр болж дээ материаллаг Монголын хэзээ ч материаллаг бус байсан уран зохиол, яруу найраг минь.

Гишүүд
Мэдээ
Галерей
Дуу
Видео









