Хай-Фай Радио 98.9 - 5 нас хүрж байна! 8 сарын өмнө
Монголиан Мюзик Медиа ХХК-ийн дэргэдэх Хай-Фай Радио 98.9 нь 2005 оны 1-р сарын 24-нд анхны нэвтрүүлгээ нийслэлчүүддээ хүргэж эхэлсэн түүхтэй. Өдгөө 4 жилийн турш манай радио 40 мянган гаруй цагийн эфир, 70 гаруй нэвтрүүлгийг, 40 гаруй хөтлөгчийн хамт сонсогчиддоо хүргэсэн байна.
Хай-Фай Радио 98.9 нь дэлхийн болон монголын шилдэг, шинэ дуу хөгжмийг сонсогчиддоо хамгийн түрүүнд хүргэдэг, хотын соёлыг сурталчилдаг, сонсогчдынхоо хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой ажилладаг, дэлхий даяар түгээдэг радио станц юм.
Хай-Фай Радио 98.9 нь Улаанбаатар хотод хөгжмийн хамгийн олон урсгал, тухайлбал, рок, жазз, сонгодог, поп, реггэи, ар-н-би, соул, альтернатив, хэви-метал, чилл аут, электро, электо рок, хип-хоп болон өөр олон хөгжмийн урсгалаар дагнасан хамгийн олон төрлийн хөгжмийн нэвтрүүлэгтэй билээ.
Эдгээр өдрүүдэд бидний 5 жилийн ойн өдрүүд тохиож байгаа ба бид энэ удаа олон ажил зохион байгуулж байна. Тухайлбал, сонсогчид болон хөтлөгч нараа хамарсан хүмүүнлэгийн өдөр буюу Нийслэлийн асрамж – халамж төвд нэг өдөр зочилж, дүү нартаа оюуны туслалцаа болох Ном, сурах бичиг, дуу хөгжим гээд мэдлэгт нэмэр болох төрөл бүрийн зүйлсийг тал талаас цуглуулан сан бүрдүүлж байна. Энэ ажил одоо хүртэл явагдаж байгаа.
Түүнчлэн спортын арга хэмжээ болох манай радиогийн нэрэмжит сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээнийг зарлаад байгаа ба бүх сонсогч, хамтлаг – дуучид болон спортод дуртай хэн бүхнийг урин дуудаж байна. Эхний гурван байр мэдээж шагналтай.
Бид энэ удаа эдгээр олон нийттэй хамт тэмдэглэх үйл ажиллагааг энэ хүрээд зогсоосонгүй. Ойн баярын хүндэтгэлийн тоглолт болон партиг тун удахгүй зохиох гэж байгаа ба 5 жилийн турш бид юу хийсэн, хаана хүрсэн зэрэг зүйлсийг дүгнэж өөрсдийн түүхийн хуудаснаа нэгэн бүлгийг өндөрлөж, нэг шинийг нээж байгаа юм. Эдгээр тоглолт, үдэшлэг болон бидний бэлдсэн хөтөлбөр өөр өөрсдийн ялгарах маягтай бөгөөд нийт сонсогч, хамтрагч байгууллага – аж ахуй нэгжүүд болон бидэнтэй холбоотой байдаг хэн бүхнийг урьж байгаа юм. Хамгийн дэлгэрэнгүй, баттай сүүлийн холбогдох мэдээллийг манай радиогийн байр, вэб-сайт (www.hi-fi.mn), нийтийн хуудас (Facebook, Twitter etc) болон шууд утсаар (330989, 333989) авах боломжтой.
Өнөөдөр Хай-Фай Радио ФМ 98.9-ийн долгионоор Тамираагийн микс, Ретро, Хай-Фай альтернатив, Сайхан дуу, Хай-Фай Жэм, Ялалтын парад, Сэрүүлэг, Итгэлийн ритм, Их Британийн шилдэг 20 дуу, Биллбордын шилдэг 20 дуу, Вайб, Их хотын жазз, Urban style, World Music, E-Wave, сонгодог хөгжмийн цаг гэх мэт олон урсгалын хөгжмийн нэвтрүүлэг, Хай –Фай Чарт – манай радиогийн хөтлөгчдийн болон сонсогчдийн санал хүсэлтээр гаргадаг шилдэг 30 дууны жагсаалт, мөн шөнийн хөтөлбөрүүд зэрэг нийт 34 нэвтрүүлэг Улаанбаатар хотын сонсогчдод болон дэлхий даяаар онлайн хүрч байна.
Хай-Фай Радио 98.9 нь өөрийн вэб сайт www.hi-fi.mn дамжуулж дэлхий даяар радиогоо шууд цацдаг. Дэлхийн өнцгийн хаана ч байсан Хай-Фай Радиог сонсох боломжтой.
Хай-Фай Радио 98.9 нь жил бүр Монголдоо тэргүүлдэг амьд рок хөгжмийн томоохон наадам “PLAYTIME” Монголын амьд хөгжмийн наадам, мөн Инди болон Андеграунд хип хоп хөгжмийн паартиг тогтмол зохион байгуулдагаараа онцлогтой.
ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА
ХОТЫН ХӨГЖИМ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!



Гишүүд
Мэдээ
Галерей
Дуу
Видео









