ХаахӨөрийн профайлын загвар, төрхийг хүссэнээрээ өөрчлөхийг хүсвэл Профайл хэсгээс Дизайн цэсийг сонгоорой.

“Мод-Арт” шоуны нэгдүгээр шатны ШАЛГАРУУЛАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 6 сарын өмнө

Монголын Үндэсний, Худалдаа, Аж үйлдвэрийн танхим, “NTV” телевиз хамтран зохион байгуулж буй “Мод-Арт” загварын шоуны нэгдүгээр шатны шалгаруулалт өнөөдөр “Торго” салоны байранд болж өнгөрлөө. Энэ удаа топ модель Д.Болормаа, Ч.Содтуяа, “Эра” төвийн тэргүүн Д.Эрдэнэтуяа нараар ахлуулсан 42 модель үндэсний хувцасны загвар үзүүлж, өрсөлдсөн юм. Тэмцээн ширүүхэн болж, ур чадварын хувьд энэ тэнцүүхэн байсан моделиуд шүүгчийг ч мөн багагүй сандаргаад авсан. Тус шалгаруулалтаас 10-аад загвар өмсөгч хасагдсан. Энэ удаа бид багийн ахлагч нар болон шүүгчдээс тэмцээний талаар сэтгэгдлийг нь сонслоо.

ШҮҮГЧ, ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ Н.СОЁЛМАА: Би фото төрхийг нь чухалчлан харж байна

-Энэ тэмцээний талаарх сэтгэгдлийг тань сонсмоор байна? -Ямар ч байсан энэ шоунд загварын цол зэрэг аваагүй, гэхдээ загвар өмсөгч болох хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд оролцож байна. Өнөөдрийн хувьд 10 гаруй хүүхэд хасагдлаа. Монголд загварын шоу байнга яваад байдаггүй шүү дээ. Улирлын чанартай л ганц хоёр шоу зохион байгуулагддаг байх. Миний хувьд энэ шоунд сэтгэл өндөр байна.

-Та оролцогчдоос юуг нь голчлон харж байна вэ? -Би фото төрхийг нь чухалчлан харж байна.

-Сэтгэлд тань нийцэж байна уу? -Яг үнэнийг хэлэхэд фото зураг авалтан дээр оролцогчдын нүүр будалт, өмссөн хувцас, студи нь надад таалагдаагүй. Энэ залуучуудыг аль болох сайхан талаас нь харуулах ёстой байтал үсийг нь аймаар сэгсийлгээд, рок талдаа болгох гээд байгаа юм уу хаашаа юм. Тийм учраас фото дээр хүүхдүүд их уналаа. Энэ хүүхдүүдийн ч буруу гэж юу байхав. Стиль, имиджийг нь бүрдүүлж байгаа хүмүүс анхаараасай гэж бодож байна.

-Сая оролцогчид маань үндэсний хувцасны үзүүлбэр үзүүллээ. Үндэсний хувцсыг хэр амилуулж чадаж байна вэ? -Үндэсний хувцас дээр хөлөө солбиод л европ маягийн алхаагаар ахлаад байна шүү дээ. Багш нар тэгж зааж байгаа байх л даа. Гэхдээ сая харж байхад энэ үнэхээр зохидоггүй юм байна. Тэгсэн тохиолдолд хувцасны хормой орооцолдоод олон хүүхэд шалгаруулалтандаа бүдэрлээ. Монгол хувцсан дээр алхаа бас өөр юм байна гэдгийг багийн ахлагч нар анхаараасай гэж бодож байна.

-Аливаа уралдаан тэмцээний шүүгч нар их чухал байдаг. Энэ шоуны хувьд шударгаар ажиллах орчин нөхцлийг бүрдүүлж чадаж байна уу? - Яг шударга болж байна. Арын хаалга, хахууль гэж байсан ч гэсэн энэ хүүхдүүдээс юу авах юм бэ. Мөн олны нүдэн дээр гараад ирэхлээр тэртэй тэргүй ил болно. Энгийн та нар ч хараад л “Энэ нь ийм, тэр нь тийм байна” гэдгийг шууд мэднэ. Энэ шоунд тохирохгүй муу хүүхэд угаасаа л гарна. Шүүгч нар гаргахгүй байлаа ч гэсэн бусад нь шоовдорлодог байхгүй юу. Тиймээс энэ загварын шоу маань үнэхээр шударга болж байна.

ТОП МОДЕЛЬ Ч.СОДТУЯА: Шүүгчид маань шударга шүүж, жинхэнэ шилдгүүд нь үлдээсэй

-Танай баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй вэ? -Манай баг одоогоор 13 хүний бүрэлдэхүүнтэй байна. Хүүхдүүд маань дэг журамтай, маш сайн бэлтгэлтэй оролцож байна. Багийнхан маань энэ шоуны сүүлийн шалгаруулалтад үлдэх байх гэж найдаж байгаа. Миний хувьд ч мөн хичээж ажиллаж байна.

-Энэ шоуны онцлог нь юу вэ? -Багийн ахлагч нар бүх агентлагийн хүүхдүүдийг хооронд нь холиод сугалж авсан. Тийм болохоор тэр агентлаг, энэ агентлаг гэсэн ямар нэгэн ялгаа байхгүй. Энэ утгаараа маш шударга шоу болж байна.

-Өрсөлдөгчид хэр санагдаж байна вэ? -Ер нь энэ шоунд загварын агентлагийн сайн гэсэн загвар өмсөгч нар оролцож байгаа. Тэр ч утгаараа шоунд өрсөлдөөн ширүүн байх болов уу. Мөн агентлагуудыг нэгтгэж, дулаан уур амьсгал бүрдүүлж, бусад агентлагуудын хүүхдүүдэд хичээл заах боломж олгож байгаа. Анх 70 гаруй хүүхэд бүртгүүлсэн. Эхний шалгаруулалтаас 42 үлдсэн байгаа. Одоо энэ шалгаруулалтаас 12 хүүхэд хасагдана.

-Өрсөлдөгчиддөө хандаж юу хэлэх вэ? -Энэ шоунд хүүхдүүд хоорондоо л өрсөлдөж байна. Түүнээс биш багийн ахлагч нар хоорон¬доо өрсөлдөөгүй. Ямар ч байсан багуудаас олон хүүхэд үлдэх нь л чухал. Миний зүгээс зөвхөн манай багийнхан гэж ярьмааргүй байна. Бүх хүүхэд сайн оролцоосой. Харин шүүгчид маань шударга шүүж, шилдэг хүүхдүүд нь үлдээсэй л гэж хүсч байна.

-Багийн ахлагч болоод бусдад багшлаад явахад хэцүү зүйл нь юу байна вэ? -Хэцүү зүйл ерөөсөө байхгүй. Яагаад гэвэл хүүхдүүд маань урьд нь загвар өмсөж байсан тодорхой хэмжээний туршлагтай. Дээр нь яг цагаа бариад энэ тэмцээнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй байгаа учраас надад сайхан санагд¬даг. Мөн дээр нь намайг их хүндэлдэг болохоор их гоё байгаа.

АЗИЙН ТОП МОДЕЛЬ Д.БОЛОРМАА: Эрэгтэй моделиудыг оролцуулж байгаад баяртай байна

-Танай баг бэлтгэлээ хэрхэн хангасан бэ? -Оролцож байгаа хүүхдүүд маань бүгдээрээ мэргэжлийн моделиуд байна. Энэ утгаараа том том брендийн нүүр царай болчихсон. Нэлээд олон жилийн туршлагатай хүүхдүүд хоорондоо уралдаж байна. Тийм болохоор тэмцээний чанар чансаа нь сайн байгаа. Манай баг гэлтгүй бүгдээрээ л сайн байна. Яг манай баг гэж онцолж ярьмааргүй байна.

-Багийн ахлагч нарын хувьд өрсөлдөөн тийм ч чухал биш юм байна гэж ойлгож болох уу? - Эрка, Содтуяа бид гурвын хувьд цэвэр, зохион байгуулалт, зааж зөвлөх тал дээр ажиллаж байна. Хамгийн гол нь хүүхдээ сайн бэлдээд, өрсөлдөөнд нь тусалж байгаа гэсэн үг.

-Хүүхдүүдийнхээ яг юун дээр нь илүү анхаарч ажиллаж байна вэ? -Мэдээж загвар өмсөгч хүн загвар зохион бүтээгчийн уран бүтээлийг мэргэжлийн талаасаа олонд хүргэдэг. Тиймээс хувцсаа амилуулах гол үүрэгтэй байдаг. Энэ тал дээр зөвлөгөө өгч байна. Мөн зураг авалтан дээр загвар өмсөгч хүн жүжигчин байх ёстой. Тухайн хувцас дээрээ яаж нүүрний хувирал эмоцоо гаргах вэ гэдэг дээр их анхаарал хандуулж байгаа. Ямар ч байсан дажгүй байгаа. Мөн ийм загварын шоу монголд зохиогдож байгаад их баяртай байна.

-Таны бодлоор энэ тэмцээний онцлог нь юу вэ? -Урьд өмнө нь янз бүрийн тэмцээн болоход эрэгтэй моделиудыг оролцуулсан тэмцээн бараг байдаггүй байлаа. Энэ удаад эрэгтэй моделиудын чансааг харуулж байна. Мөн цагаа олсон, оновчтой шоу болж байгаад баяртай байгаа. Шилдэг 10-д үлдсэн оролцогчид маань Шанхай руу явж эх орныхоо нүүр царай болох учраас энэ тэмцээнд маш их сэтгэл хангалуун байна.

“ЭРА” ТӨВИЙН ТЭРГҮҮН Д.ЭРДЭНЭТУЯА: Бид гурвын дунд ямар ч өрсөлдөөн байхгүй

-Танай багийн онцлог юу вэ? -Бусад багт хоёр гурван жил тайзан дээр гарсан туршлагтай загвар өмсөгчид байгаа бол манай багт харьцангуй залуу хүүхдүүд байна. Гэхдээ бэлтгэл их сайн байгаа. Хүүхдүүдэд маань ирээдүй байна.

-Энэ шоуны давуу талыг та хэрхэн харж байна вэ? -Олон агентлагыг хамтран оролцуулж байна. Залуу загвар өмсөгчид маань багш нарынхаа туршлаг, онцлогийг нь харж, сурч байгаагаараа давуу талтай тэмцээн болж байна.

-Багш нарын дунд өрсөлдөөн байна уу? -Үгүй дээ. Бид гурвын дунд ямар нэгэн өрсөлдөөн байхгүй. Тэртээ тэргүй хасагдах хүүхдийг бид мэдэхгүй шүү дээ. Нуруугаараа хүрэхгүй бол хасагдахаас яахав. Хамгийн гол нь улсаа төлөөлөөд гадагшаа тэмцээнд явах учраас шүүгчид маань улсын нүүр царай болох хүүхдүүдээ авч үлдээсэй гэж бодож байна.

-Таны хувьд хүүхдүүдийнхээ юун дээр анхаарч ажиллаж байна вэ? -Ямар хувцсыг яаж өмсөх вэ, яаж алхах вэ гэдэг дээр ажиллаж байна. Гэхдээ би ганцхан энэ тэмцээнд зориулж зааж, зөвлөөгүй тэр хүүхдийн цаашдын алхаа гишгээ нь сайн байгаасай гэж бодож байна.

“Мода-Арт”-ын оролцогчид фото төрхөөрөө гайхууллаа

“Мода-Арт” загварын шоуны оролцогчид “Өргөө” кино театрт саатлаа. Учир нь тэд энэ удаа нэртэй брэндүүдийн хувцас өмсөж,фото зураг авахуулсан юм. Энэ үеэр бид зохион байгуулагчид болон моделиудтай уулзлаа.

МҮХАҮТ-ын гишүүнчлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Золбоот: Шинэ дүр төрх, загварын шинэ өнгө аясыг харуулахыг зорьж байна даа

-МҮХАҮТ-ын хувьд нийгмийн сайн сайхан руу чиглэсэн олон үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Энэ удаа монголдоо анх удаа болж байгаа загварын шоуг зохион байгуулж байна. Энэ шоуны зорилго юу вэ? -Загварын шоуг зохион байгуулах болсон хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт одоо бизнесийн үйл ажиллагаа ороогүй салбар гэж алга. Загварын ертөнцөд загвар зохион бүтээх, хувцас үйлдвэрлэх урлах, загвар өмсөх гээд л бүгд бизнесийн хэлбэр шүү дээ. Тэгэхлээр манай зүгээс бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг тэднийг төлөөлдөг гэдэг утгаараа энэ салбарт ажиллаж байгаа уран бүтээлчдийг дэмжин энэ шоуг зохион байгуулж байна. Мөн хоёрдугаар сарын 4-нөөс телевизээр цацагдах энэ нэвтрүүлгийн дараа гуравдугаар сарын эхээр “Fashion-2010” гэсэн гала тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэ тоглолтод оролцох загвар өмсөгчдийг мөн энэ шоун дээрээс бэлдэж байгаа. “Fashion-2010” маань манай байгууллагаас 2010 оныг ногоон бизнесийг дэмжих жил болгон зарласантай холбоотой. Өөрөөр хэлбэл, энэ тоглол¬тод оролцох загвар зохион бүтээгч, урлаачид маань “Ногоон буюу байгаль дэлхийгээ хамгаалах” гэсэн утга санааг илэрхийлэх хувцсыг толилуулах юм.

-Одоогоор “Мода-Арт” шоуны явц хэр байна вэ? -Яг өнөөдрийн байдлаар дундаа орж байгаа. Бид удахгүй хоёр дахь шатныхаа шалгаруулалтыг явуулах гэж байна.

-Зохион байгуулагчдын зүгээс хүндрэлтэй зүйл байна уу? -Мэдээж ажил явж байхад алдаа, дутагдалтай зүйл байдаг. Хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй асуудалд орж байна. Гэсэн хэдий ч бид бүхэн тэр болгоныг давж туулаад ямар ч байсан монголын үзэгчдэд загварын шоу гэж ийм байдаг юм байна. Шинэ дүр төрх, загварын өнгө аяс, давалгаа би боллоо шүү гэдгийн харуулахыг зорьж байна даа.

хөтлөгч Тэмка: Энэ шоу монголын загварын ертөнцийг гадаадад таниулах нэг гүүр болж байна

-Та өмнө нь шоу хөтөлж байв уу? -Би анх удаагаа телевизийн реалити шоу хөтөлж байна. Өмнө нь “Нэврүүлэг хөтлөөч ээ” гэсэн санал олон ирдэг байсан. Кино зураг авалт, хамтлагийн ажил гээд л ажлын цаг зав маань төдийлөн гардаггүй байлаа. Мөн сонирхол ч төрдөггүй байсан гэх үү дээ. Жүжигчин хүн аливаа зүйлийг хөтлөхөөсөө илүү уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзаж байвал зүгээр юм болов уу гэсэн бодолтой байсан шүү.

-Тэгвэл “Мода-Арт” загварын шоуг яагаад хөтлөх болсон юм бэ? -Энэ шоу маань загварын гэдэг утгаараа монголд анх удаагаа зохиогдож байна. Мөн дэлхийн алдартай брэндүүд МҮХАҮТ, NTB телевиз хамтран ажиллаж байна. Аливаа зүйлийг хийгээд гаршчихсан монголдоо номер нэг байгууллагууд энэ шоуг хийж байгаад баяртай байгаа. Тиймээс би хөтлөхийг зөвшөөрсөн. Яагаад гэвэл энэ шоу их чанартай болох юм болов уу гэж бодож байгаа шүү. Мөн энэ шоу монголын загварын ертөнцийг гадаадад таниулах нэг гүүр болж байна. Тиймээс залуу хүний хувьд энэ үйл ажиллагаанд гар бие оролцоё гэж бодсон.

-Хөтлөхөд хэцүү байна уу? -Тэмцээний явцад ургуулан бодолт их шаардлагатай байдаг юм байна. Найруулагч, нэвтрүүлгийн хамт олон их зөвлөж байгаа учраас харьцангуй сайн байгаа. Ямар ч байсан өөртөө итгэлтэй байгаа. Энэ нэвтрүүлгээ дажгүй хөтлөөд дуусгах байх аа.

-Нэвтрүүлгийн явцад таниас хамгийн их шаардаж байгаа зүйл нь юу байна вэ? -Үгийн баялаг их шаардах юм байна. Урьд нь дэлгэцийн бүтээл, жүжиг дээр текстээ цаанаас бэлдээд өгсөн байдаг. Харин нэвтрүүлэг дээр хөтөлбөр бэлдээд өгсөн ч гэсэн өөрөөсөө үгийн баялагтай байх хэрэгтэй юм байна. Миний хувьд үгийн баялаг их тааруухан байгаа учраас энэ тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Хичээх тусам хөтлөлт маань илүү чанартай болж байгаа юм болов уу гэж бодож байна даа.

“Монгол модель” агентлагийн Б.Батцэцэг: Би бусад оролцогчдын хүчтэй өрсөлдөгч байж чадна

-Тэмцээнээс хасагдаж байгаа хүүхэд олон байна л даа. Та өөрийнхөө хамгийн том давуу талыг нэрлэхгүй юу? -Яахав дээ. Бүгдээрээ л сайхан залуучууд байна. Миний хувьд мэдээж түрүүлэхийн төлөө л энэ тэмцээнд орж байна. Тэмцээний шалгуур их өндөр санагдаж байгаа. Мөн шүүгчид ч шударга байгаа учраас энэ тэмцээнд өөрийгөө сорьж байгаадаа баяртай байна. Тэмцээний явцын дунд мэдэхгүй зүйл их гарч ирж байгаа тэр бүрийг таньж мэдэж өөрийгөө сайн байгаа гэж бодож байгаа шүү.

-Сая фото зураг авлаа. Ямар санагдаж байна вэ? -Энгийн өдөр тутмын хувцас байсан учраас ямар нэгэн хүндрэл байсангүй. Түүнээс биш хэцүү хүнд хувцастай авахуулах хэцүү байдаг л даа.

-Өрсөлдөгчид хэр байна? -Санасныг бодвол гайгүй шүү. Би бусад оролцогчдын хүчтэй өрсөлдөгч байж чадна гэдэгт итгэлтэй байна.

Брэнд менежер н.Зулцэцэг: Тэдний эрч хүчийг харуулахыг зорьлоо

-Танай байгууллагын хувьд “Мода-Арт” загварын шоуг хэрхэн дэмжиж оролцож байна вэ? -”Номин fashion”-ы зүгээс гурван брэнд хувцсаараа оролцож байна. Одоо шалгарч үлдсэн 33 оролцогчид брэнд хувц¬саа өмсүүлж, фото зураг авахуулж байна. Мөн хоёрдугаар сарын 1-нд болох брэнд хувцасны шоу үзүүлбэр дээр хув¬цаснуудаа өмсгөнө.

-”Мода-Арт” шоу танд ямар санагдаж байна. Яагаад хамтран ажиллахаар болсон бэ? -Монголдоо анхдагч гэдэг утгаараа таалагдаж байгаа. Дээр нь сонирхолтой, бусад шоуг бодвол мэргэжлийн талдаа зохион байгуулагдаж байна уу гэж ойлгож байна.

-Ерөнхийдөө өдөр тутмын хувцаснууд байна уу? -Тийм ээ. Яагаад гэхээр оролцогчид маань 18-20 хүртэлх насны залуу хүүхдүүд байгаа учраас тэдний эрч хүчийг харуулахыг зорьж байна даа.

“Эра” төвийн загвар өмсөгч Билгүүн: Би бүх зүйлээрээ л давуу шүү

-Чиний хувьд загварын төрөлд хэр туршлагатай вэ? - Ер нь туршлага гээд байх юм байхгүй дээ. Анх удаагаа ийм тэмцээнд оролцож байна.

-Сонирхлоороо оролцож байгаа гэж ойлгож болох уу? -Тийм ээ. Багийн маань мөрөөдөл л дөө. Энэ тэмцээндээ амжилттай оролцоод гадаадад загвар өмсье гэж бодож байгаа.

-Чиний давуу тал юу вэ? -Бүх зүйлээрээ л давуу гэж бодож байна.

-Өрсөлдөгчид хүчтэй байна уу? -Аймаар мундаг туршлагатай хүмүүс байна лээ.

Tags:
Нийтлэгч: modart Ангилал: Сэтгэгдэл 0 193 Уншигдсан
Rate_0Rate_1Rate_2Rate_3Rate_4Rate_5Rate_6Rate_7Rate_8Rate_9Rate_10