Шанхайд болох загварын шоунд оролцох эрхийн төлөөх өрсөлдөөн үргэлжилсээр 6 сарын өмнө
Гоо сайхан биеэ үзэгчдэд гайхуулсан цоглог алхаа, шүүгчдийн ширүүн атлаа нялуун үгс, залуусын “тэнцсэн, хасагдсан” гэдэг үгэн дээр илрэх догдлол, нулимс, горьдлогын харцтай “Мода-Арт” шоу үргэлжилсээр. Оролцогчид нь цөөрсөөр л. Тэмцээний сүүлчийн шалгаруулалт ойртох тусам оролцогчдын “Би чадна” гэсэн итгэл нь бадарч, аливаа зүйлд улам л хариуцлагатай болоод байх шиг. Өчигдөр МҮХАҮТ дээр болсон хоёр дахь шатны шалгаруулалтад 24 оролцогч оролцлоо. Энэ удаа дотуур хувцасны үзүүлбэр үзүүлж, оролцогчид маань өөрсдийн ур чадвар, тайзны алхаагаа сонирхуулсан юм. Энэ шалгаруулалтаар зургаан модель тэмцээнийг орхих боллоо. Шүүгчид тэдэнд хандан “Та нар залуу байна, өөр олон тэмцээн хүлээж байгаа. Сэтгэлээр унах хэрэггүй” хэмээн урмын үг хэлж байв. Мөн монголын алдартай загвар зохион бүтээгчдийн нэг, шүүгч Н.Соёлмаа “Чи тарган байна, Чи хөдөөний царайтай юм аа” гээд л зарим оролцогчийн дутагдлыг “пал” хийтэл хэлж байлаа. Ийнхүү анх өөрийгөө сорих хүсэлтэй 60 гаруй хүүхэдтэй шуугилдан эхэлж байсан “Мода-Арт” шоуны гурав дахь шатны шалгаруулалтад 18 модель үлдлээ. Монголын нүүр царай болж, “Шанхай” хотод болох загварын шоунд оролцох эрхийн төлөөх тэдний өрсөлдөөн үргэлжилсээр.
Шүүгч Одонгэрэл: Шат ахих тусам шүүхэд улам хэцүү болж байгаа
-Шоу үргэлжлээд нэлээд хугацаа өнгөрлөө. Та оролцогчдоос юуг нь илүү харж байгаа вэ? -Ямар ч байсан шилдэг загвар өмсөгчийг шалгаруулан “Шанхай”-д болох шоунд авч явах зорилготойгоор ажиллаж байна. Тэгэхлээр ерөнхийдөө бид биеийн өндөр, царай зүс мөн загвар өмсөгчийн дадлага, туршлагыг харж байна. Ямар ч байсан шалгаруулалт маань тэр зорилгодоо хүрэхүйцээр яваг¬даж байгаа.
-Энэ шоу монголд анх удаагаа зохион байгуулагдаж байна. Таны сэтгэгдэл ямар байна вэ? -Анхных гэдэг утгаараа энэ шоу маань биднээс хариуцлага туршлага, санал санаачлага их шаардаж байна. Хүүхдүүд маань их идэвхтэй оролцож байгаа.
-Шүүлтийн хувьд ямархуу байна вэ? -Шат ахих тусам шүүхэд улам хэцүү болж байгаа. Орол¬цогчдын чадвар алхаа гишгээ, тэдний биеийн харьцаа тэнцүү жигд болсон байна. Өнөөдрийн шалгаруулалтын дүнг гаргахад хэцүү байлаа. Шүүгчид их мар¬галдлаа. Гэхдээ ямар ч байсан ерөнхий дүнгээ гаргасан.
-Оролцогчдын хувьд ямар санагдаж байна вэ? -Энэ шоунд сонирхож орж ирсэн хүүхдүүд байгаа учраас би оролцогчдодоо бүгдэд нь хайртай. Тэнцээгүй ч гэсэн цаашид загварын ертөнцөд хөл олж, тодорхой хэм¬жээний нэр хүндтэй болоосой гэж хүсч байна. Тэгэхэд нь жаахан ч гэсэн дэмжиж туслахыг хичээж байна.
-Хасагдаж байгаа хүүхдийг хараад өрөвдөх сэтгэл төрдөг үү? -Тэгэлгүй яахав. Миний хүүхэд юм шиг л санагддаг. Гэхдээ тэмцээн учраас өрөвд¬лөө гээд яахав дээ.
Найруулагч Д.Баярсайхан: Зураг авалт 80 хувь, цацалт нь таван хувьтай байна
-Өмнө нь ийм төрлийн нэвтрүүлэг найруулж байв уу? -Миний хувьд реалити шоун дээр ажиллаж байсан. Энэ удаа зориглоод загварын шоу най¬руулж байна. Шинэ залуу загвар өмсөгчдөө дэмжиж, тэдэнд боломж олгоё гэсэн зорилготой шоу маань үргэлжилж байна. Олон оронд ийм шоу байдаг. Монгол ч гэсэн яагаад байж болохгүй гэж. Тийм биз дээ.
-Таны найруулж байсан шоунуудаас юугаараа онцлог вэ? -Энэ шоун дээр олон байгууллага, хамт олон ажиллаж байгаа учраас өргөн хэмжээний үйл ажиллагаа болж байгаа.
-Шоу маань ямар шатандаа явж байна вэ? -Зураг авалтын 80 хувь, цацалт нь таван хувьтай л байна.
Долгион (Эра төв): Би чадна л гэж хэлье дээ
Бид хоёрдугаар шатны шалгаруулалтын үеэр шүүгчдээс хамгийн их урмын үг сонссон оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.
-Тэмцээний шүүлт хэр шударга явагдаж байгаа бол? -Энэ тэмцээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Шүүгчдийн үнэлгээ маань маш зөв явж байгаа. Гэхдээ шоу маань шат ахих тусам илүү их өрсөлдөөнтэй болж байна шүү.
-Өрсөлдөгчиддөө хандаж юу хэлэх вэ? -Сайн сайн моделиуд оролцож байгаа учраас өрсөлдөгчид их хүчтэй байна. Гэхдээ би чадна л гэж хэлье дээ. Өөртөө их итгэлтэй байна.
-Таныг шүүгч нар туршлагатай модель гэж ярьж байсан. Хэдэн жил загвар өмсөж байгаа вэ? -Одоо хоёр дахь жилээ болж байна. Би энэ тэмцээнд өөрийгөө нээж, олонд таниулах , мөн Шанхайд болох шоунд эх орноо төлөөлөн явах зорилготой оролцож байгаа.
Э.Даваадулам (Монгол модель агентлаг): Шүүгчдийн үг намайг хурцаллаа
-Шоунаас олон хүүхэд хасагдсан шүү дээ. Та гуравдугаар шатанд үлдлээ. Давуу тал юу вэ? -Би фото модель чиглэлээр явдаг. Энэ тэмцээнд намайг өдий хүртэл авч яваа нэг зүйл нь фото зураг юм. Миний зураг өмнөх шалгаруулалтад хамгийн шилдгээр шалгарсан. Түүнд маш их баяртай байна.
-Сая шүүгчид таныг сүүлийн 15-д байх ёстой загвар өмсөгчдийн нэг гэж байсан. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Энэ үг намайг хурцалж чадлаа. Цаашид явах эрч хүч өгсөн шүүгчиддээ баярлаж бай¬гаагаа хэлмээр байна.
-Өрсөлдөгчид хэр санагдаж байна вэ? -Яг үнэнийг хэлэхэд, сүртэй өрсөлдөгч байхгүй байна. Өөр¬төө их итгэлтэй байгаа. Энэ шоу маань их магтууштай тэмцээн болж байгаа. Цаашид жил бүр зохион байгуулагдаж, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллаасай гэж хүсч байна.
Д.Баяртогтох (Монгол модель агентлаг): Өөрийнхөө давуу талыг харуулах болно
-Тэмцээний талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Сэтгэгдэл маш өндөр байна. Ямар ч байсан шилдэг 15-д багтана гэдэгтээ итгэлтэй байгаа. Цаашлаад шилдэг модель болохын төлөө өрсөлдөнө.
-Өмнө ямар тэмцээнд оролцож байв. Туршлага хэр вэ? -Ер нь монголд загварын тэмцээн болдоггүй шүү дээ. Миний хувьд гурав дахь жилдээ загвар өмсөж байна. Энэ шоунд оролцож байгаа залуучуудын л адил гэж бодож байгаа. Гэхдээ өөрийнхөө давуу талыг харуулах болно.
-”Цавчуур цэг ком” киноны гол дүрд тоглосон байдаг. Өөр кинонд тоглох санал ирсэн үү? -Ирэхийн хувьд ирсэн. Гэхдээ одоохондоо зохицуулах зүйл их байгаа учраас татгалзсан. Гадаад руу явж сурах бодол бий.
-Таны зорилго юу вэ? -Загвар бол миний хобби. Би үүнийгээ мэргэжил болгож чадсан. Энэ бол миний залуу насны л зүйл шүү дээ. Яваандаа би мэргэжлээрээ ажиллана.
-Ямар мэргэжилтэй юм бэ? -Биотехнологич.
Г.Буджаргал (Монгол модель агентлаг): Бидэнд нэг нэгнээсээ сурах зүйл их бий
-Шоуны явцад ядарч байна уу? -Тэгэлгүй яахав. Их ядарлаа. Энэ шоунд нэг хүсэл зорилготой маш олон хүн зүтгэж байна. Нэг шоу боллоо гэхэд бусад агентлагийн хүүхдүүдтэй нэг өдөр л уулздаг байсан бол одоо бүгдээрээ нэг дор байна. Нэг нэгнээсээ сурах зүйл их байгаа.
-Өрсөлдөгчид ямар санагдаж байна вэ? -Энэ талаар үнэхээр хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл өөртөө маш их итгэлтэй байгаа учраас. Өөрөө өөртэйгөө л өрсөлдөж байна даа.

Гишүүд
Мэдээ
Галерей
Дуу
Видео









