ХаахГар утасны сүлжээтэй газраас та өөрийн статусаа байнга шинэчлэх боломжтой. Үүний тулд та өөрийн гар утасны дугаараа Профайл хэсгийн Мэдээлэлд хадгалаарай. Түүнийхээ дараа 158851 рүү статусаа явуулахад л хангалттай.
  • САНДРА БУЛЛОК

    2010 оны Алтан бөмбөрцөг, Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин, Холливудын хамгийн алдартай, хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг Сандра Буллок 1964 оны долдугаар сарын 26-нд АНУ-ын Вашингтон хотын орчимд Герман гаралтай Жон Буллок, Хельга Мейер нарын гэр бүлд төржээ. Түүний  эх дуурийн дуучин бөгөөд багш мэргэжилтэй байв.

    12 гаруй жил Германы Фюрт хотод байхдаа балетын дугуйланд явахаас гадна ээжийнхээ оролцож байсан дуурийн багагүй дүрд тоглодог байжээ. Сандра Германд англи хэлний сургуульд сурдаг байсан бөгөөд сургуулийнхаа хамгийн сайн сурагч байв.

    Үе тэнгийнхэн нь түүнийг хүрээндээ оруулахыг үл хүсэн гадуурхдаг байсан ч Сандра шинэ танилуудаа өөртөө амархан татаж, хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн багийн ахлагч болсон байна. Сургуулиа төгсөөд хуульч болохоор шийдэн Хойд Каролина муж улсын их сургуульд оржээ. Гэвч хэсэг хугацааны дараа сургуулиа орхин Нью-Йорк хотыг зорьсон байна. Гэрэл зургийн загвар өмсөгч, онгоцны үйлчлэгч болох мөрөөдлөө биелүүлж чадаагүй ирээдүйн од жижиг баар, зоогийн газруудад зөөгч хийх болов. Яг тэнд Сандрад жүжигчин болох хүсэл төрж, жүжигчний ангид оржээ.

    Сандраг өсвөр насны охин байхад Буллокийнхан АНУ-д эргэн ирсэн байна. Хойд Каролина муж улсын Их сургуулийн жүжигчний ангиа төгссөний дараа Нью-Йорк хотод очиж, уран бүтээлийн гараагаа театрын жүжигчнээс эхлэв. Нью-Йорк хотод хөлөө олж чадалгүй хэсэг хугацааны дараа кино жүжигчнийхээ амжилтад хүрсэн Лос-Анжелесийг зорьжээ.

    Хэд хэдэн жүжигт тоглож, шүүмжлэгчдийн анхаарлыг ихээхэн татаж чадсан байна. Сандрад олон ангит уран сайхны кинонд тоглох урилга ирж, 1990 онд инээдмийн олон ангит “Ажилсаг охин” кинонд анхныхаа гол дүрийг  бүтээжээ. 

    Кино жүжигчний хувиар нэр алдар Сандра Буллокт нэлээд сүүлд ирсэн байна. 1993 хүртэл “Хайрын ундаа”, кино жүжигчин Ривер Феникс, Дермот Малруни нартай хамт кино найруулагч  Питер Богдановичийн “Үүнийг хайр гэнэ” зэрэг кинонд тогложээ. 

    1993 онд Сильвестр Сталлон, Уэсли Снайпс нарын хамт зоригтнуудын тухай уран зөгнөлт “Сүйтгэгч” кинонд тоглосон нь кино шүүмжлэгчид болон үзэгчдийн анхаарлыг татаж, наад тал нь 60 сая долларын ашиг олжээ. Сандра энэ кинонд санамсаргүй тоглосон байна. Зураг авалт эхэлснээс хэд хоногийн дараа жүжигчин Лора Петти дүрээсээ татгалзсан учир Сандра халааг нь авчээ.

      1994 онд Сандра зоригтнуудын тухай кинонд дахин тоглохоор шийдэж, Холландын зураглаач Ян Де Бонтын найруулсан “Хурд” киноны гол дүрд  Киэн Ривзийн хамт тоглов. 

    Энэ кино орлогоороо тэргүүлж, 350 гаруй долларын ашиг олжээ. Гурван жилийн дараа “Хурд” киноны хоёрдугаар анги гарсан нь 1997 оны Холливудын санхүүгийн уналтад орсон кинонуудын нэг болжээ. 

      Амжилт олж чадаагүй “Хурд-2” киноны дараа Сандра зоригтнуудын тухай кинонд тоглохоо багасгаж, инээдмийн болон драмын төрөлд хүчээ сорих болов. 1990-ээд оны сүүлчээр “28 өдөр”, жүжигчин Бен Аффлекийн хамт “Байгалийн хүч” зэрэг инээдмийн кинонд тогложээ. 

    2000 онд “Miss congeniality” кино гарснаар Сандра Буллок улам их нэрд гарах болов. Энэ кинонд жүжигчин инээдмийн жүжигчний авьяасаа дахин амжилттай баталсан юм. Тус кино дэлхийн кино үзвэрээс 200 сая гаруй доллар олжээ. Буллок өөрөө Грэйси Хартын дүрд тоглож “Алтан бөмбөрцөг”-өөс шагнал хүртсэн байна. “Miss congeniality” киноны дараа Сандра өөрийн гэсэн продюсерын компанитай болсон бөгөөд “Murder by Numbers”, “Я-Я эгч дүүсийн тэнгэрлэг нууцууд”  зэрэг кинонд янз бүрийн хэмжээгээр амжилттай тогложээ. “Miss congeniality-2” орлогын хувьд ч уран сайхны хувьд эхний ангиа гүйцэж чадсангүй . Одооноос эхлэн бие даасан, төсөв багатай голдуу кино хийнэ гэж  Сандра Буллок  киноны дараа мэдэгдсэн байна. Анхны тийм кино нь найруулагч Пол Хэггисийн “Мөргөлдөөн” гэдэг арьсны өнгөөр ялгаварлах сэдэвтэй эмгэнэлт кино байв. 6,5 сая долларын өчүүхэн төсвөөр хийсэн энэ кино үзвэрийн  жинхэнэ  манлайлагч болж, бүтээгчдэдээ Оскарын гурван шагнал авчирчээ. Түүнээс гадна 2005 оны шилдэг кино болсон байна. 

    Сандра Буллокийн хамгийн сүүлд амжилт олсон бүтээлийн нэг нь “Нуурийн дэргэд” гэдэг уран зөгнөлт кино юм. Энэ кинонд 12 жилийн өмнөх түнш Киэн Ривзтэй дахин хамтран тогложээ.

    2006 оны Венецийн кино наадмын хүрээнд Сандра Буллокийн тоглосон “Муу нэртэн” гэдэг киног үзүүлжээ. Буллок зохиолч эмэгтэй Харпер Лигийн дүрийг бүтээсэн бөгөөд түүнтэй хамт Сигурни Уивер, Гвинет Пэлтроу, Дэниел Крэйг, Изабелла Росселлини нарын одод тоглосон байна. 

    2009 онд “Хайр сэтгэлээ илчилсэн нь” инээдмийн киноны гол дүрийг бүтээжээ. Сандра АНУ-д цагаачийн визийн асуудалд орсон компанийн ерөнхий менежерийн дүрд тоглосон байна. Асуудлаа шийдэхийн тулд өөрийн туслахын эхнэр болох цорын ганц гарц үлдсэнээр киноны үйл явдал өрнөнө. 

    Кино академийн шагнал гардуулах 82 дахь ёслол дээр Сандра “Үл үзэгдэгч тал”  кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын  шилдэг жүжигчний шагнал авсан билээ. Мөн ондоо “Стивийн тухай бүхнийг өгүүлэх нь” кинонд тоглож, Алтан бөөрөлзгөнөөс хамгийн муу жүжигчний шагнал хүртсэн юм.

    Германаар чөлөөтэй ярьдаг жүжигчин буяны үйлст идэвхтэй оролцдог бөгөөд Улаан загалмайн байгууллагуудын байнгын томоохон ивээн тэтгэгч юм.  Америкийн Улаан загалмайн нийгэмлэгт хоёр ч удаа 1 сая долларын хандив өгчээ. 

    Оскарын шагналын эзэн болсны дараахан Сандрагийн гэр бүлийн амьдралд азгүй явдал тохиолдсон билээ. Түүний нөхөр Жесси Жеймс эхнэрээ удаа дараа хуурсан гэсэн шуугиант мэдээ хэвлэлүүдээр гарчээ. Сандра «People» сэтгүүлд ярилцлага өгөхдөө салах өрөгдөл өгсөн тухайгаа ярьсан байна. 2010 оны нэгдүгээр сард Луиса Бардо гэдэг хүүхэд өргөн авсан байна.

    Сонирхолтой баримтууд:

    -Дөрвөн өдрийн дотор битүү захтай цамц нэхэж чадна. Германаар чөлөөтэй ярьж, Латин Америк бүжиг сайн бүжиглэдэг.

    -“Энэ бол миний зайдас” гэж хэлэх дуртай. Энэ нь “Энэ бол чиний асуудал биш” гэсэн утгатай гэнэ.

    -Морины харшилтай.

    -Эцэг, эх хоёр нь Сандраг алдартай дуучин болгохыг хүсдэг байжээ.

    -Нүднийхээ зүүн хөмсгөндөө сорвитой. Багадаа гол гатлах гэж байхдаа унаж ийм сорвитой болжээ. 

    -Сандра өөрийн гэсэн телевизийн компанитай.

    -1999 онд "Зугтаж буй сүйт бүсгүй" киноны гол дүрд тоглох ёстой байжээ.

    -2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагад өртсөн хүмүүст зориулж, Улаан загалмайн нийгэмлэгт 1 сая доллар хандивласан байна. 

    -2005 оны долдугаар сарын 16-нд жүжигчин Жесси Жеймстэй гэр бүл болж, гурван хүүхдийн эх болжээ.

    Д.Жаргал

    1280055072_sandra_bullock

    montsame 2 сарын өмнө

Rate_0Rate_1Rate_2Rate_3Rate_4Rate_5Rate_6Rate_7Rate_8Rate_9Rate_10